Зудад
нэрвэгдсэн аймгуудын сургууль,
цэцэрлэгүүдэд хандивлагч орнуудаас
мөнгөн тусламж үзүүлэх болсон талаар
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаман
дээр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НҮБ-ын
Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийн
үүрэг гүйцэтгэгч Бирина Арслана Гич,
Японы Хүүхдийг ивээх сангийн монгол
дахь захирал Мицуаки Тоёода, Дезерет
олон улсын энэрлийн байгууллагын
төлөөлөгч Ричард Лассон болон БСШУЯ-ны
сайд Д.Отгонбаяр нар байлцсан юм.
Монгол
улсын бүх нутгаар хүйтний эрч сүүлийн
20 гаруй жилд байгаагүйгээр эрс чангарч,
цасан бүрхүүл нийт нутгийг хамарч улсын
болон орон нутгийн чанартай зам, даваа
хаагдаж, мал сүрэг олноор хорогдон нийт
нутгаар өвөлжилт нэн хүнд болоод байна.
Цаг агаарын хүйтний хэм эрч нэмэгдсэний
улмаас хөдөө, орон нутгийн зарим сургууль,
цэцэрлэгүүдийн цахилгаан, халаалт,
дулааны төсөвлөсөн зардал хүрэлцэхгүй
болж сургууль, цэцэрлэгүүд түлээ,
нүүрсний дутагдалд орж, зарим сургууль,
дотуур байр, цэцэрлэгийн уурын зуухны
тогоо хагарч, сантехникийн шугам хөлдөж
аваарын байдалд ажиллаж байгаа аж. Мөн
малчид отор нүүдлээр гэрээсээ 300-450 км-т
алслагдсан нь тэдний дотуур байранд
байгаа хүүхдүүд дулаан хувцас, ариун
цэврийн хэрэгсэл, ханиад томуунаас
урьдчилан сэргийлэхэд хэрэглэх эм
хангамжаар дутагдах зэрэг тулгамдсан
асуудлууд үүсчээ.
Боловсрол,
соёл, шинжлэх ухааны яамнаас байгаль,
цаг уурын хүндрэлийн улмаас сургууль,
цэцэрлэг, хүүхдүүдэд тулгарч буй хүндрэл,
бэрхшээлийг тодорхойлох нөхцөл байдлын
үнэлгээг хийж, боловсролын хандивлагч
байгууллагуудтай хамтран эхний ээлжинд
яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээг
зохион байгуулж эхэлсэн байна.
Боловсрол,
соёл, шинжлэх ухааны яам энэхүү
санхүүжилтыг өнөөдрөөс эхлэн дээрх
сургууль, цэцэрлэгүүдэд шилжүүлэх ажлыг
зохион байгуулах юм. Тусламжийн
хэрэгжилтийг зохицуулах, хяналт,
тайлагналын ажлыг Боловсрол, соёл,
шинжлэх ухааны яам хариуцан гүйцэтгэх
аж.
Сургууль,
цэцэрлэгүүдэд үзүүлэх тусламжийн хоёр
дахь багц асуудал нь нөхцөл байдал нэн
хүнд байгаа хөдөөгийн сургууль, цэцэрлэг,
дотуур байранд түлээ, нүүрс нийлүүлэх,
дотуур байрны болон хүнд амьдралтай
өрхийн хүүхдүүдэд дулаан хувцас, хүнсний
зүйлс, ариун цэврийн хэрэгсэл өгөх юм.
Мөн сэтгэл зүйн дэмжлэг олгоход чиглэгдэж
байгаа бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сан, Японы
Хүүхдийг ивээх сан энэ арга хэмжээнд
зориулж 222 мянган ам.долларын тусламж
үзүүлэхээр шийдвэрлэжээ.
НҮБ-ын
Хүүхдийн сан, Баян-Өлгий, Говь-Алтай,
Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 22
дотуур байрны 3929 хүүхдэд 117.2 мянган
ам.доллар, Японы Хүүхдийг ивээх сан
Говь-Алтай, Дорнод, Завхан аймгийн 23
сургууль, дотуур байрны 3761 хүүхэд, 12
цэцэрлэгийн 1919 хүүхдэд хөнжил, дулаан
хувцас, ном сургалтын тоглоом,
хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгсэл,
сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд 117.2 мянган
ам.долларыг зарцуулах аж.
|