Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбооны ээлжит VI их хурлыг энэ оны 6-р сард хуралдуулахаар төлөвлөж байна.
Өмнөх хурлын ажлын гүйцэтгэл дүгнэлт сургамжаас үндэслэн одоогийн ээлжит их хурлаар дараагийн их хурлыг хүртлэх 4 жилд анхан шатны хоршоод аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, Үндэсний холбооноос хийж гүйцэтгэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэн батлах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Их хурлын зарим бэлтгэл хангах, энэхүү төлөвлөгөөг боловсруулахын тулд аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дарга нарыг Улаанбаатар хотод гурав дугаар сарын эхээр ирүүлж хамтран ажиллах болно. Иймд та бүхэн гишүүд хамт олонтойгоо ярилцаж төлөвлөгөө боловсруулахтай холбоотой дараахь чиглэлээр материал бүрдүүлж асуудлаа боловсруулж байхыг мэдэгдэж байна.
НЭГ. Анхан шатны хоршоог хөгжүүлэх асуудлаар
• Аймгийн нийт сумдын хэдэн хувьд нь одоо хоршоо ажиллаж байгаа, 4 жилд шинээр хэдэн хоршоо байгууллагдах боломж олгож дэмжлэг үзүүлэх.
• Малчид, хөдөөгийнхний хэдэн хувь одоо хоршоонд гишүүнээр хамрагдаж байгаа 4 жилд үүнийг хэдэн хувьд хүргэх.
• Хоршоодыг ажиллах чадавхийг хэрхэн сайжруулах, ямар асуудлыг өөрсдөө шийдвэрлэх, ямар чиглэлд дэмжлэг туслалцаа хэнээс авах.
• Хоршоод ямар үйлдвэрлэл эрхлэх, үйлдвэрлэлээ хэрхэн төрөлжүүлэх, хоршоо хоорондын хамтын ажиллагааг сайжруулах талаар ямар арга хэмжээ авах
• Хоршоо сонирхогчид, хоршооны гишүүд, удирдлагыг хэрхэн идэвхижүүлэх, сэтгэлгээг хөгжүүлэх.
• Орон нутгийн төр захиргаа, төсөл, хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллах боломж, нөхцлийг яаж бүрдүүлэх
ХОЁР: Аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын
холбоог хөгжүүлэх асуудлаар:
• Одоо ямар бүтэц орон тоотой ажиллаж байгаа 4 жилд хэрхэн өргөтгөж чадваржуулах.
• Санхүүжилт, ажиллах чадвараа хэрхэн нэмэгдүүлэх.
• Гишүүн хоршоодтой хамтарч ажиллах үйл ажиллагааг яаж сайжруулж, тогтвортой хамтын ажиллагааг үүсгэх
• Гишүүнчлэлээ яаж нэмэгдүүлэх.
• Бусад ямар байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах.
• Үндэсний холбоотой ямар хэлбэрүүдээр хамтран ажиллах.
• Үндэсний холбоог чадваржуулах, үйл ажиллагааг сайжруулах талаар ямар арга хэмжээ авахшаардлагатай гэж үздэг.
• Төр засгийн төвшинд ямар асуудал тавьж шийдвэрлүүлэх шаардлагатай .
Гурав. Мэдээлэл, тайлан бэлтгэж ирүүлэх тухай
• Гишүүн хоршоодын дэлгэрэнгүй бүртгэлийг нэгтгэж ирүүлэх / тайлан өгсөн өгөөгүй бүгдийг авч нэгтгэх/
• 2009 оны удирдлагын тайланг Үндэсний холбооноос гаргасан маягтын дагуу гаргаж ирүүлэх
• Гишүүн хоршоодын танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг авч ирүүлэх / файлаар интернетээр болон цаасаар аль боломжтойгоор/
• Үндэсний холбооны шилдэг хоршоо, загвар хоршоодын үзүүлэлтэд хүрсэн хоршоодын материалаа ирүүлэх
МХААХ Үндэсний холбоо
|